Сумын бэлгэ тэмдэг
2024-03-25 11:33:09,   476

       Цагаан-Уул сумын бэлгэ тэмдэг буюу логоны загварыг дугуй хэлбэртэй байхаар хийж дэвсгэрийг дээд хэсэгт номин хөх өнгөөр туяаруулан тэнгэрийг дүрсэлж түүн дээр Цагаан-Уул сумын газар нутгийн хэлбэрийг оруулж, голд нь зургаан дэлбээ бүхий Цагаан-Уул цэцгийг байрлуулаад хоёр талд нь сумын нэрийг дөрвөлжин эвхмэлээр бичиж, дэвсгэрийн төв хэсэгт Цагаан-Уул хайрханы оройд цас буусан байгаагаар график дүрслэлд оруулж, уулын бэлд Цагаан-Уул үүлдрийн хар халзан хуц ихэр хургатай хонийг ногоон талд идээшилж, наад талд нь нуурын ус мэлтэлзэн байгааг дүрсэлсэн бөгөөд түмэн насан хээгээр хүрээлж, бадамлянхуа суурь болон чандмань оройтойгоор дүрслэн бүтээсэн болно.

Төрт ёсны бэлгэдэл болох чандмань эрдэнийг эрт, эдүгээ, ирээдүй гурван цагт өнөд оршихыг бэлгэдэж оройн хэсэгт наран дэвсгэр дээр байрлуулсан. Гадна хүрээ ар зөв болон эсрэг эргэж буй түмэн наст хээгээр чимэглэсэн бөгөөд төрт ёсыг эрхэмлэн эв нэгдэлтэй байхыг илэрхийлсэн утга санаа юм. Yхэшгүй мөнхийн бэлгэдэл Цагаан-Уул цэцэг нь зургаан дэлбээтэй байгаагаар дүрслэсэн нь засаг захиргааны зургаан багтайг илтгэх бөгөөд арын хэсэгт нь сумын газрын зургийг гүн хөх өнгөөр дэвсгэр болгон оруулсан бөгөөд хоёр талд нь Цагаан-Уул сумын нэрийг дөрвөлжин эвхмэлээр бичсэн нь засаг захиргааны нэгжийн бусдаас ялгагдах онцлогыг хадгалж байгаа санаа юм. Цагаан-Уул хайрханыг гол дүр болгон сонгож дэвсгэртийн төвд байрлуулаад манай сумын буянт мал сүргийн төлөөлөл болох Цагаан-Уул үүлдрийн хар халзан хуц ихэр хургатай хонийг уулын бэлд идээшилж буйгаар дүрслэсэн. Усан хээгээр Цагаан-Уул суманд орших Сангийн далай, Тунамал, Гандан, Холбоо нуур Цагаан нуур, Дэлгэр мөрөн, Агарын гол, Хужиртын гол гэх мэт манай суманд орших нуур, гол, рашаан булгуудыг төлөөлж дүрслэн харуулсан болно. Сүлдний суурь хэсэгт цагаан бадамлянхуа дүрслэн харуулсан нь Цагаан-Уулчуудын ажил үйлс, хөгжил дэвшил өнө мөнхөд үржин дэвжих, хиргүй ариун тунгалаг байхыг бэлгэдсэн байна.

2024-03-25 11:33:09