“Мөсний баяр-2015” амжилттай зохион байгуулагдлаа

Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Цагаан-Уул сумын багууд идэвхи санаачлага өрнүүлэн ажиллаж байгаагийн нэг жишээ бол Агар багт болсон “Мөсний баяр-2015” арга хэмжээ юм. Агар багийн Засаг дарга, ИНХ болон Хилийн цэргийн 0304-р салбар хамтран Агарын голын толин цэнхэр мөсөн дээр нэгэн өдрийн турш иргэдийг  чуулуулан баясгалаа. Хил хамгаалах байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр дох жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ энэ жил илүү  өргөн хүрээг хамарч албан байгууллага, бусад багийн иргэдээс  нийтдээ 15 баг бүрдэн өрсөлдсөн байна.  Мөсөн шагай, тэшүүр, чарга, сумо, олс таталт, уулын оргил булаалт зэрэг төрлөөр  баг тамирчид авхаалж самбаагаа сорьсоны дүнд  Агар багийн Зөөхийн чиглэлээс оролцсон Г.Хүрэлтөмөр ахлагчтай  иргэдийн баг тэргүүлж өргөмжлөл, алтан медаль гардан авлаа.  2-р байрт  Б.Өлзийсайхан ахлагчтай Шар хөндий чиглэлийн иргэдийн баг, 3-р байранд А.Пүрэвсүрэн ахлагчтай Ямаат чиглэлийн иргэдийн баг тус тус орж өргөмжлөл медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.  Харин тусгай байранд Хүүхдийн цэцэрлэг буюу Сургуулийн өмнөх боловсролын байгууллага шалгарсан байна. “Мөсний баяр-2015” арга хэмжээний үеэр багууд урлагын номер үзүүлж, галын наадам хийж  иргэдийн баяр дээр баяр нэмсэн байна.