“Галт дулаан” ХХК –ны танилцуулга

Цагаан-Уул сумын  хэмжээнд дулаан үйлдвэрлэлийг түгээх, борлуулах салбар нь анх Бадрал нэгдлийн харъяанд 1971 онд  Эрчим хүчний салбар нэртэйгээр байгууллагдаж  үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй юм.  

       Тус суманд ажиллаж байсан үе, үеийн удирдлагууд нь суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт бүх газрууд, аж ахуйн нэгж, айл өрхийн дулааныг нэгдсэн уурын зуухны халаалтаар явуулахаар тогтож, энэ үйлчилгээг зах зээлийн нийгэмд ч гэсэн тасалдуулахгүйгээр авч явсан цөөн сумын нэг болон үлдсэн юм.  Одоогийн байдлаар 37 хүний бүрэлдэхүүнтэй 4 уурын зуух ажиллуулж 48590,29м.куб талбайд халаалт түгээж байна.

Түүхэн цаг үеийн шаардлагаар тухайн салбарын нэршил, харъяалал, өөрчлөгдөж байсан ч сумынхаа албан газруудын хэвийн үйл ажиллагааг жигд байлгах, стандартад нийцсэн дулааныг түгээх, борлуулсан дулаанаараа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх  зэргээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

        Мөн дулаан үйлдвэрлэлийн зэрэгцээ иргэдийг ундны цэвэр усаар хангах, хог тээврийн үйлчилгээг ЗДТГ-тай гэрээ хийж хуваарийн дагуу ачиж, халуун усны үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэж, аж ахуйн үйлчилгээний байрыг ажиллуулах зэргээр төрийн өмнө тулгамдсан ажил үйлчилгээг эрхлэн явуулж байна.

        Тус компани нь 2017 оноос өмнө аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газрын эрхтэйгээр сумын ИТХ-д ажлаа танилцуулан үнэлэлт, дүгнэлт аван ажилладаг байсан бол 2017 оны 1-р сараас эхлэн аймгийн ИТХТ-ийн шийдвэрээр “Галт дулаан” ХХК болон өөрчлөгдөн монгол улсын компаний тухай хуулиар эрх зүйн өөрчлөлтөнд орон ажиллаж байна.

Аймгийн ИТХТ-ийн 2016.12.27 ны  өдрийн 101 тоот тогтоолоор                                “Галт дулаан”  ОНӨААТҮГ-ыг тасалбар болгон хязгаарлагдмал  хариуцлагатай компани болгон зохион байгуулалтын өөрчлөлт оруулан ажиллах дүрмийг нь батлан өгсөн юм.

Батлагдсан дүрмээр компаний удирдлага нь:

  • Хувьцаа эзэмшигчдийн хурал
  • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Гүйцэтгэх удирдлага   гэсэн бүтэцтэй ажиллахаар тогтоод байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Дулаан үйлдвэрлэх, түгээх, борлуулах
  • Өөрийн өмчлөлд байх дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах
  • Сантехникийн засвар үйлчилгээг дуудлагаар төлбөртэйгээр гүйцэтгэх
  • Сумын төвийн иргэдэд зөөврийн ундны ус тээвэр, хог тээвэр, халуун усны үйлчилгээ үзүүлэх гэсэн үндсэн чиглэл баримтлан ажиллаж байна.