Цагаан-Уул сумын ЕБС

Тус суманд 1941 онд албан ёсоор бага сургуулийн эхлэл тавигдаж 1-р ангид 60 хүүхдийг элсүүлэн,  өмнө нь бичиг үсгийн дугуйланд суралцаж байсан 30 хүүхдийг 2-р ангид бүртгэж, захирлаар Л.Лувсандагва, багшаар Х.Дорж, Б.Билэгдэмбэрэл нар 6 ажилчинтайгаар байгуулагдаж байсан түүхтэй.

Өвгөдийн бага сургууль 1941-1956 он

1956 онд  сум буйр сэлгэн Шаргын голын эхэнд Мөсөн түрүүнд төвлөрөхөд 7 жилийн сургууль болж  зэргэлдээ сумдын  / Цэцэрлэг, Бүрэнхаан / сургуулиудаас хүүхэд элсүүлж эхэлснээр Шаргын 7 жилийн сургууль гэж түүхэнд нэршсэн байдаг.   Энэ үед 205 сурагч, 11 багш, 10-аад ажилчинтай болж захирлаар Ө.Сэрээтэр ажиллаж байсан байна.

Шаргын 7 жилийн сургууль1956-1968 он

1967 онд сургалт –хүмүүжлийн ажлыг сайжруулж, материаллаг орчноо бэхжүүлсэн тул “Аймгийн тэргүүний сургууль “ гэдэг алдрыг хүртжээ.

1968 онд ерөнхий боловсролын шинэтгэлээр хөдөлмөр – политехникийн 8 жилийн сургууль болжээ. Энэ үед аймагтаа анх

  • Хөдөлмөр –амралтын зуслан
  • Сургуулийн номын сан бүхий улаан булан
  • Отор саалийн нөхөрлөл
  • Ногооны хүлэмж зэргийг өөрсдийн хүчээр барьж байгуулан үйл ажиллагаандаа ашиглаж аймгийн сургуулиуддаа үлгэр жишээ үзүүлсэн төдийгүй Ардын Боловсролын Яамны иж бүрэн шалгалтанд аймгийн 33 сургууль цэцэрлэгээс ганцаараа “Сайн” үнэлгээ авсан байдаг.

8 жилийн сургууль 1968-1978 он

1978-1979 оны хичээлийн жилд сумын хөдөлмөрчдийн хүсэлт, Аймгийн захиргааны шийдвэрээр 10 жилийн сургууль болж өргөжив.

1978-1989 онд

  • 440 хүүхдийн суудалтай хичээлийн байр
  • 75 хүүхдийн 2, 200 хүүхдийн дотуур байрууд
  • Уурын зуух зэргийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжин баригдаж, багш, ажилчид өөрсдийн хүчээр
  • 6 зогсоолтой халуун ус
  • 40 тн-ын багтаамжтай ногооны зоорь
  • 90 суудалтай гал тогооны өргөтгөл
  • 12 айлын орон сууц
  • Хөдөлмөр амралтын зуслангийн 60 хүүхдийн сууц зэргийг барьж ашиглалтанд оруулсны зэрэгцээ отор саалийн нөхөрлөлөөр бог малын сүү ашиглан жил бүр 900-1200 кг масло, 1200-2300 кг ааруул, аарц бэлтгэн байрын сурагчдын хоол хүнсэнд хэрэглэж байв.

1989-1990 оны хичээлийн жилд Аймгийн тэргүүний дотуур байртай сургууль болов.
1996 онд анги кабинет тохижуулах,сургалтын материаллаг орчныг сайжруулснаараа сургууль ажлаараа аймагт 2-р байр эзлэв.

2001 онд БСШУЯ-ны түвшин тогтоох шалгалтаар “Хангалттай” түвшинд шалгагдав.

2003 онд аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”-аар

2004 онд аймгийн “Шилдэг менежменттэй сургууль”-аар 

2014 онд аймгийн “Шилдэг менежменттэй сургууль”-аар

2016 онд Аймгийн “Хүүхдэд ээлтэй дотуур байр”-тай сургуулиар тус тус шалгарав.

2016 онд охидын дотуур байранд аймгийн ОНХ-ийн сангийн хөрөнгөөр 48 сая төгрөгний өртөг бүхий ариун цэврийн байгууламж хийгдлээ.

ЕБС-ийн өнөөгийн байдал  1978-2019 он

2017 онд 320 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байр ашиглалтанд оров.

2018-2019 оны хичээлийн жилд сургалтын орчин нөхцлийг сайжруулахад нийтдээ 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын  ажил хийгдэв.

2019 онд Түүхэн замналын өргөөтэй болов.

2018-2019 оны хичээлийн жилд тус сургууль нь 1090 сурагч, 108 багш ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа ба малчдын 315 хүүхдийг 3 дотуур байранд хүлээн авч үйлчилж байна

.

Сургуулийн хамт олон 2019 он