Нутгийн бахархал

Цас цагаан хайрханаараа овоглосон Цагаан-Уулчуудад бахархах зүйл арвин бий. Эртний соёлын дурсгал, түүх домогт хүмүүс, алдар гавъяатнуудаас эхлээд онгон дагшин байгал.  Байгалийн баялаг, бүтээн байгуулалт гээд нутаг усаараа бахархаж  зүйл их.


  

Жалханзхутагт Ц.Дамдинбазар

Жалханз хутагт Дамдинбазар нь  15 дугаар жарны хөх модон нохой жилийн  буюу 1874 оны зуны эхэн сарын 29 нд  Засагт хан аймгийн Хотгойд гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуунд төржээ. 1877 онд  Жалханз хутагтын наймдугаар  дүрээр өргөмжлөгдөж одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаанд байрлах Равданчойнхорлон хийдэд хутагтын сэнтийд залсан түүхтэй.  Дамдинбазар гэгээнтэн  хэл бичиг, тоо зурхайн ухаан, бурхан шашин хийгээд урлаг, гүн ухаан, гадаад хэл, ёс заншил,  уламжлалт арга ухааныг онцгой эзэмшиж 1890 оноос хүрээний мэргэдтэй ном хаялцаж Богд гэгээний анхаарлыг татаж эхэлсэн гэдэг. 1892 онд Ц.Дамдинбазар  Богд гэгээний шадар хамбаар уригдан ажиллаж гадаад дотоодын болон шашин төрийн бүх хэргийг эрхэлж байжээ.  Жалханз хутагт Дамдинбазар  Богдын лүндэнгээр 1911 онд Бээжинд очиж манжийн хаанд ар Монголын олон түмний санаа сэтгэлийг тайлбарлаж шинэ Засгийн бодлогыг эсэргүүцэж буйг ойлгуулан Богд хаант улсыг хэвээр нь байлгах  санал тавьж хаант төрийг хүлээн зөвшөөрүүлсэн билэг оюунтан билээ.  Тэрээр  1912 онд  Богд хаанаас баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилж, манжийн амбан олон цэргийг  эх орноосоо хөөн гаргах, Ховдыг чөлөөлөх, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн нь бий.  Жалханз хутагт Дамдинбазар нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялахад хамгийн идэвхитэй дэмжигчийн байр сууринаас хандаж байсан төр  нийгмийн зүтгэлтэн билээ. Түүнийг 1922 онд Монгол улсын ерөнхий сайдаар томилсон болно.  

  

Босоо Шагдар


Хотгогойдын нэрт бөх Сосорын Шагдар Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн  хошуу нутагт 18-р зууны сүүлчээр мэндэлжээ. С.Шагдар  овоо тахилга хошууны  наадамд зодоглож  үзүүр түрүүнд үлдэж  олноо баясгаж явсан цуутай бөх юм.  Тэрээр гучин зургаан насандаа Монгол улсын арслан цол хүртэж 1925 онд баяр наадмаар зургаагийн даваанд буур Жамъяан аваргатай таарч өвдөг шороодсон байна.  
                                                                                                          

 

 

 

 

 

                                                                      ДОМОГ ХУУЧ ЯРИА
Хорин хужир хэмээхийн учир:
Доншуурын Хятад манай нутгаар явж байгаад сайхан гартааман хөөргөө хаячихжээ. Тэгээд тэрээр:
-“Хөөргийг маань олж өгсөн хүнд хүнз цай шагнана” гэж зарлажээ. Гэтэл удалгүй тэр хөөргийг нь  нутгийн нэгэн гүндүүгүй, томоотой эр олж доншуурын хятадыг “нарийн хөндийн тойром” гэдэг газар байхад нь авчирч өгвөл тэр хятад хунзтай цай гэж нэгэн зүйлийг өгөөд хөөргөө аваад явжээ.  Явсаны нь дараа нөгөө эр цайгаа задалтал цайны хэмжээгээр хэвлэсэн хорин ширхэг хужир байсанд мөнөөх эр уурсан цацаж орхижээ. Тэр цагаас хойш тухайн газрыг “хорин хужирт” гэх болсон юм гэдэг.
“Оролмоо мод”
 Цагаан-Уул сумын нутагт олон сайхан үзэсгэлэнтэй газар байдагийн нэг бол Гандан нуурын хөвөөнд орших Оролмоо мод.
Яагаад ийн нэрлэх болсон тухай ийм хууч яриа бий.
Манай нутагт Оролмоо баатар хэмээх нэгэн сайхан эр байжээ. Гэвч хуухнууд \хэрмэл хятадууд\ түүнийг барьж тамлан Гандан нуурын эрэг дээрх ганц модноос дүүжлэн хороожээ.  Үүнээс хойш Оролмоон мод гэдэг нэртэй болсон юм гэдэг.
Энэ домгийн бас нэгэн хувилбар бий.
Эрт цагт Оролмоо хэмээх нэгэн үзэсгэлэнт сайхан бүсгүй байжээ. Бүсгүйн сэтгэлийг Гандан гэх нэгэн сайн эр татна. Тэд залуу хүмүүсийн жам ёсоор бие биенийхээ сэтгэлийг таньж ханилан суухын даваан дээр бүсгүйд санаатай нутгийн ноён Ганданг нууранд живүүлж амийг нь хороожээ. Дурлалт залуугийнхаа араас харууссан Оролмоо ч мөнөөхөн нуурын хөвөөн дэх жижиг арал дээр байх ганц цагаан модноос дүүжилж нөгөө ертөнцөд одсон гэдэг. Өнөөдрийг хүртэл үнэнч хосуудын домгийг мөнхөлж Гандан нуур, Оролмоо мод байсаар байгаа юм.
 “Шаргын гол гэж нэрлэсний учир”:
Дүүрэгч  ван нэгэн сайхан хурдан шарга морьтой байсан гэдэг. Хошуу даншигийн наадамд очоод буцаж явах замдаа шарга морь нь  гэнэт үхжээ.
Дүүрэгч ван мориныхоо хойноос ихэд гашуудан  харамсахын сацуу мориныхоо эцсийн амьсгалыг татсан газрыг Шаргын гол хэмээн нэрлэхээр болсон юм гэдэг.  Тэр цагаас хойш сумын төвийг хөвөөлдөн урсах голыг Шаргын гол хэмээн нэрийдэх болжээ.
 Цагаан-Уул сумын нутгийн нэгэн сайн эр Цэрэнрааш гэж байв. Түүнд таван соёот бор гэж хүлэг бий.  Цэрэнрааш энэ л сайхан хүлэгтэйгээ Улиастайн голруу шөнөдөө  очоод ирдэг байсан гэдэг. \Одоогийн хэмжээгээр талдаа 200 гаруй км зам\ Дэлгэрмөрөний цаатайгаас  хоёр шүдлэн үхрийн мах ширэнд нь туламлан хийж ганзгалаад Тэсийн гол ороход  морь нь яадагчгүй байсан гэхээр морь хүн хоёр хосгүй нэгэн бодгалиуд байсан бололтой.
Тус сумын нутагт хулгайчийн уяа гэдэг нэртэй газрууд хэд хэд бий. Тухайлбал:  Тосон багийн нутаг Барчингийн оройд Хужирт багийн нутаг Уушиг уулын өвөрт ийм нэртэй газрууд байх.
Энэ байгалийн тогтоцууд аль ч талаасаа харагддаггүй дотор нь азарага адуу өлхөн багтдаг, сонин гойд төрхтэй.  Иймээс дээрх нь үед сайн эрсийн морины уяа байсан юм гэдэг ээ.  

                                                                              Гурван хүнхэрүү


 

                                                                           Гурван хүнхэрүү

                                    Буган  хөшөө

Лусыг эзэгнэгч хөшөө